




"Building's Technology" ХХК-ийн Төв офисын барилгын төлөвлөлт нь Монголын барилгад шинэ зам нээж байна. Захиалагч зөвхөн Швейцарь ноу-хау хүссэндээ биш, харин "интеграл төлөвлөлтийн" аргаар төлөвлөгдсөн эрчим хүчний "ТЭГ" хэрэглээтэй ногоон барилга барихыг хүссэн. Эрүүл байхын тулд хүнд өдөрт дор хаяж 3 цаг нарны гэрэл хэрэгтэй байдаг. Албан тасалгааны барилга нь "ухаантай систем"-тэй, ашиглалтын зардал бага байх ёстой. Мөн тав тухтай орчинд өндөр үр бүтээлтэй ажиллах боломжийг бүрдүүлэх нь чухал юм. Ажил олгогч ба хөрөнгө оруулагч бүр ийм нөхцлийг бүрдүүлж, эдийн засгийн өндөр үр ашигтай ажиллахыг хүсдэг. Барилгын фассад маш олон талын үүрэгтэй. Энэ барилгын фасадны жишээн дээр швейцарь, монгол инженер, архитекторууд ямар хосгүй шийдэл хэрэгжүүлж болохыг харуулахыг зорьсон. "Building's Technology" компаний төв офисын барилгын фасад нь барилгын хийцлэл, дотоод орчин, инженерийн шугам сүлжээг зангидсан, архитектурын гол элемент болж чадсан. Фассад нь тус барилгын нүүр царай төдийгүй, дотоод, гадаад ертөнцийг холбогч гүүр болж байна. Халуун, хүйтэн бороо салхинаас хамгаалах төдийгүй агаар солилцоог зохицуулж, идэвхтэй (нарны энерги) ба идэвхгүй (дулаан ба хүйтэн алдагдлыг бууруулах) байдлаар эрчим хүчний хангагч болж байна. "Building's Technology" төв офисын фассад Монгол гэрийн ханын хийцийг гадна фассадыг
төлөвлөхөд ашигласан нь архитектурын хувьд уламжлалт соёлыг тусгасан шинэ шийдэл болсон. Ханын дүүргэгч нь гэрийн эсгийтэй төстэй материал байна. Иймд, уг барилга хэдийгээр том боловч, хөнгөн, дулаахан сэтгэгдэл төрүүлнэ. Швейцарь архитекторууд зөвхөн энэ барилгад зориулан гадна ханын шинэ хийцийг зохион бүтээж, анхны туршилтыг амжилттай хийсэн. Эхний туршилтын үед утсархаг бетоныг маш нарийн үетэйгээр зотон даавуунд цутгасан. Ингэснээр дулаан тусгаарлах өндөр чадвартай, гүдгэр гадаргуйтай материалыг гаргаж авсан. Нүүр талуудад өнгө тавьж, гадна үзэмжийг сайжруулан, өвөрмөц нүүр царай олгосон. Дахин давтагдах ромбо маягийн хийцлэлээр өндөр үр ашигтай систем шийдлийг газар зүйн зүг чигтэй уялдуулан гаргаж авсан. Хойд ба зүүн талд ромбоны ирмэг хэсэг нь цонх байх бөгөөд гол хэсэгт дулаан тусгаарлагч утсархаг бетон хана байна. Өмнө талд ромбоны ирмэгүүд нь нарны цахилгаан үүсгүүр байх ба гол хэсэг нь хотын төв хэсэгрүү харсан цонх байна. Нарлуу харсан өмнө талын фассадын 50% нь нарны цахилгаан үүсгүүр байх ба энэ нь дотор талд хэт халахаас хамгаалсан давхар үүрэгтэй. Өмнө талд 3 давхар
тутамд үргэлжилсэн орон зай байх бөгөөд бүтэн жилийн турш ногоон байгууламж байх тул дотор агаарыг цэнгэгжүүлнэ. Албан тасалгааны өрөөнүүдийг оновчтой төлөвлөж, голын хэсгүүдэд нарны гэрэл хангалттай тусахаар шийдсэн. Иймд, нэг талаар, нарны гэрлийг сайн ашиглах ба нөгөө талаар халуун хүйтнээс найдвартай хамгаалагдана. Өмнө фассаданд байрлах нарны зайгаар үүсгэсэн цахилгааныг өөрийн хэрэглээнд ашиглах ба илүүдэл энергийг төвийн шугамд нийлүүлнэ. Иймд, барилгын эрчим хүчний баланс маш ашигтай гарч байна. Бүх фассадыг өргөгч краны тусламжтай угсрах тул шат барих шаардлагагүй, маш бага зардал гарна. Аливаа фассадын шийдлийг гаргахын тулд тухайн барилгын зориулалт, байрлал, төсөвт өртөг зэргийг харгалзан үздэг. "Интеграл төлөвлөлт"-ийн аргаар барилгын фассад зөвхөн нүүр царай, арьс биш, зүрх нь байж болдогийг харуулсан.